Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монгол Өв Соёлын Төвийн үйл ажиллагааг дэмжиж 2024 оны 12 дугаар сард 11,587.79 ам.долларын санхүүжилтийг шилжүүлсэн билээ. Энэхүү санхүүжилтээр Төв дээр олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохиох боломжтой заал гаргах засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн, санхүүгийн тайлангаа ССАЖЗЯ-нд хүргүүллээ.
Өөрсдийн хүч хөрөнгийг нэгтгэн монголчуудын гэж тодотгох үл хөдлөх хөрөнгөтэй болж, монгол коммюнити-д чиглэсэн арга хэмжээнүүд, хойч үедээ монгол өв соёл, үнэт зүйлсийг заан сургах сургалтуудыг тогтмол явуулах нөхцөлийг бүрдүүлж буй Чикаго хот орчмын монголчуудын санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон тус яамны хамт олонд Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, айлчлан ирж буй 2025 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлийг өргөн дэвшүүлье.
