“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ
- Нүүр
- Бидний тухай
- Мэндчилгээ
АНУ-ын төвийн бүсэд оршин суугаа монгол ахан дүүс ээ,
АНУ-ын төвийн бүсэд оршин суугаа монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, эдүгээ АНУ дахь хамгийн том монгол коммюнити болсонтой уялдан монгол иргэдийн соёл, оюун санааны хэрэгцээ улам бүр тэлж байна. Өргөжин тэлж буй коммюнитигийн соёл, оюун санааны хэрэгцээг хангахын тулд байнгын үйл ажиллагаа явуулж байх соёлын төвийг Чикаго хот орчимд байгуулах шаардлагатай байгааг бид бүгд сайн мэднэ.
Чикаго хот орчимд амьдардаг зарим иргэд “Монгол Өв Соёлын Төв” /“Mongolian Heritage Center”/ хэмээх ашгийн бус байгууллагыг байгуулж, суугаа орны холбогдох хууль тогтоомжийн дагуу албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү байгууллага үйл ажиллагааны зорилгоо
Монгол гаралтай иргэд тогтмол уулзаж, танилцан нөхөрлөх, бие биенээсээ суралцах, мэдээлэл солилцох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх;
Залуу үедээ монгол хэл, өв соёл, урлаг, уран зохиол, ёс заншлаас заан сургаж, өвлүүлэх;
Монгол, Америкийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх гэж тодорхойлсон нь Консулын газрын бодлого, үйл ажиллагааны ерөнхий зорилготой нийцэж буй юм.
Энэхүү байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх, монгол коммюнити дэх олон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жигд, зохистой оролцоог хангах, тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг хангахад Консулын газрын оролцоо шаардлагатай гэж байгууллагыг үүсгэн байгуулагчид үзэж, санал тавьсан тул миний бие тус байгууллагын Удирдах зөвлөлийг ахлан ажиллаж байна.
“Монгол Өв Соёлын Төв” байнгын үйл ажиллагаа явуулахад өөрийн байртай болох нь нэн чухал билээ. Байртай болсноор зөвхөн тус байгууллага төдийгүй монгол коммюнитигийн гишүүн бүр, монгол иргэдийн сайн сайхны төлөө зорилготой бүхий л байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх төдийгүй АНУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой Монгол Улсын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувьд ч нэмэлт боломж бий болох юм.
АНУ-ын төвийн бүс дэх монгол коммюнитигийг хөгжлийг шинэ шатанд гаргах, Монгол өв соёлоо сурталчлан таниулах боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулахыг Та бүхэндээ уриалж байна.
Миний бие Удирдах зөвлөлийн даргын хувьд “Монгол Өв Соёлын Төв” байгууллага Иллинойс мужийн ашгийн бус байгууллагын талаарх хууль, дүрмийг тууштай хэрэгжүүлж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хугацаанд нь зохих түвшинд тайлагнаж байх, иргэд, байгууллагын зүгээс өгсөн хандивыг зориулалтын дагуу зарцуулах, хандивын явц, захиран зарцуулалтын мэдээллийг ил тод байлгахад хяналт тавьж ажиллах болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.