“Монгол Өв Соёлын Төв”-ийн урилгаар АНУ-д амьдарч буй буддист монголчуудын Эрхэм багш Ажиа Гэгээнтэн өөрийн шавь нарынхаа хамтаар Цагаан сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд зочиллоо.
Ажиа Гэгээнтнийг “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд морилон ирэхэд тус Төвийн УЗ-ийн дарга, Консул Т.Батцэцэг, УЗ-ийн гишүүн У.Зоригтбаатар, З.Энхжаргал нар угтан мэндчилж, Төвийнхөө зорилго, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хандивын үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Ажиа Гэгээнтэн “Олон жил монголчуудын ярьдаг байсан хүсэл мөрөөдөл өнгөрсөн оны намар танилцуулж байснаас хойш, ийм богино хугацаанд биеллээ олж, ийнхүү сайхан өргөө байртай болж буйд нэн баяртай байна” гэдгээ илэрхийлэн Төвийн цаашдын үйл ажиллагааг даатгаж, ном уншив. Гэгээнтэн Төвийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, сайн сайхныг хүсэн сүсэгтэн олондоо Төвийн үйл ажиллагаа явуулах ХАНДИВЫН АЯН-ыг дэмжихийг уриалахаа илэрхийлэн өөрийн зүгээс 1000 ам.долларын хандив өргөлөө.