“Монгол Өв Соёлын Төв”-ийн дүрэм

2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан

Нийтлэг үндэслэл

“Монгол Өв Соёлын Төв” нь АНУ-ын баруун төвийн бүсэд амьдарч буй монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг хангах, хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээх, заан сургах, монгол амин чанарыг бэхжүүлэх чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөө тогтмол үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага /Non For Profit Corporation/ байна. “Монгол Өв Соёлын Төв” нь Чикаго хот орчимд байрлана. /Цаашид “Төв” гэнэ/ Англи хэл дээрх нэршил: “Mongolian Heritage Center” /англи хэл дээрх товчлол нь “MHC” гэнэ./

Нэг. Үйл ажиллагааны зорилго

1.1 Монгол гаралтай иргэд тогтмол уулзаж, танилцан нөхөрлөх, биенээсээ суралцах,
мэдээлэл солилцох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх;
1.2 Залуу үедээ монгол хэл, өв соёл, урлаг, уран зохиол, ёс заншлаас заан сургаж,
өвлүүлэх;
1.3 Монгол, Америкийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн
хөгжүүлэх;

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1 Монгол хэл, бичгийн сургалт;
2.2 Монголын уран зохиол, түүхийн сургалт;
2.3 Монгол номын сан;
2.4 Лекц, семинар, хурал;
2.5 Монгол үндэсний урлаг, дуу, хөгжим, бүжиг, сонгодог хөгжмийн сургалт болон
тэдгээрийн тоглолт, концерт зохион байгуулах;
2.6 Үндэсний болон бусад спорт, хөлөгт тоглоом, наадгайн сургалт болон тэдгээрийн
тэмцээн уралдаан;
2.7 Үндэсний гар урлал, хувцас, хоол хүнсний сургалт;
2.8 Суугаа орны холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн аливаа шашны зан үйл хийх,
хурал цугларалт хийх, бясалгал хийх;
2.9 Үндэсний тэмдэглэлт баяр, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, хүлээн авалтууд
зохион байгуулах;
2.10 Үндэсний онцлогтой үзэсгэлэн, худалдаа;
2.11 Гэр бүл, өсвөр үе, ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагаа;
2.12 Монгол гаралтай иргэдэд зориулсан хандив, буяны үйл ажиллагаа;

Гурав. Төвийн эрх, үүрэг.

3.1 Төв нь ашгийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан АНУ, Иллинойс
мужийн холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журамд
нийцсэн үйл ажиллагаа явуулна.
3.2 Төвийн дүрмийн үйл ажиллагааны зорилгод нийцсэн аливаа санал, санаачилгыг
дэмжин, уялдуулан хэрэгжүүлэхэд удирдлага-зохион байгуулалт, ажил хэргийн болон
бусад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.
3.3 Суугаа орны болон гадаад улс орны холбогдох ашгийн бус байгууллага, хувь
хүмүүстэй харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулна.
3.4 Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө эзэмших, өмчөө баталгаажуулах, захиран
зарцуулах эрх эдэлнэ.
3.5 Төв нь гишүүнчлэлтэй байна. Гишүүнчлэлийн хураамжийг Удирдах зөвлөлөөр
тогтооно. Мөн Төв нь хүндэт болон аль ч улсын харьяат гишүүнтэй байж болно.
3.6 Төв нь өөрийн нэрэмжит шагнал, өргөмжлөл олгож болно.
3.7 Төв нь өөрийн бэлгэдэл, тэмдэгтэй байж, албан бичгийн хэвлэмэл хуудас
хэрэглэнэ.
3.8 Төв нь өөрийн цахим хуудас, фэйсбүүк групп, цахим хаяг, шуудангийн хайрцаг,
утас, факстай байх бөгөөд өөрийн хэвлэлтэй байж болно.
3.9 Төв нь өөрийн үйл ажиллагааны данс, хандивын данстай байна.
3.10 Төвийн санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй зарчмыг баримтлах
бөгөөд хандивын аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй.

Дөрөв. Төвийн бүтэц, удирдах дээд байгууллага, түүний бүрэн эрх

4.1 Төвийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь
жилд хоёроос доош /хагас жил болон жилийн эцэст/-гүй хуралдаж, Төвийн үйл
ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэх, аливаа хандив, татвар хураамж,
цалин, урамшуулал, хөнгөлөлтийг хэлэлцэж тогтоох, цаашдын үйл ажиллагааны
бодлого, чиглэлийг тодорхойлно.
4.2 Удирдах зөвлөлийн дарга нь Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул
байна.
4.3 Удирдах зөвлөл нь 5-аас доошгүй 11-ээс дээшгүй гишүүнтэй байна. Удирдах
зөвлөлийн гишүүн нь тодорхой шаардлагыг хангасан монгол гаралтай иргэн байх
бөгөөд гишүүнийг олон нийтэд нээлттэй хэлбэрээр зарлан, УЗ-өөс сонгоно. Удирдах
зөвлөлийн гишүүнд тавигдах ёс зүйн болон бусад шаардлагыг Удирдах зөвлөлөөс
тогтооно.
4.4 Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байх бөгөөд Удирдах
зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны үр дүнг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн дүгнэж,
дахин нэг удаа 2 жилээр сунгаж болно.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн томилгоо нэгэн зэрэг байх албагүй. Удирдах
зөвлөл нь дэргэдээ нарийн бичгийн дарга, зөвлөхүүдийн зөвлөлтэй байж болно.
4.6 Удирдах зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд ёс зүйн алдаа гаргасан,
Удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлээгүй, тодорхой шалтгаанаар үүргээ
биелүүлэх боломжгүй болж хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд Удирдах
зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, шийдвэрлэнэ.
4.7 Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
4.7.1 Төвийн дүрэм, Төвийн дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.
4.7.2 Төвийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, төсвийн төсөл,
төсвийг хэлэлцэх, батлах.
4.7.3 Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулж батлах,
хэрэгжилтэд хяналт тавих.
4.7.4 Төвийн менежерийг Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор томилж
батлах, чөлөөлөх.
4.7.5 Төвийн бүтэц, орон тоог баталж, төсөв батлах, цалин, урамшууллыг тогтоох,
4.7.6 Төвийн хандив, татвар хураамж, түүний төрөл, хэмжээ, үзүүлэх хөнгөлөлтийг
батлах.
4.7.7 Төвийг татан буулгах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.
4.8 Удирдах зөвлөлийн хурлын ирц нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй
бүрэлдэхүүнтэй байна.
4.9 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргахад нийтийн зөвшилцөлд хүрэхгүй
тохиолдолд тухайн санал хураалтад оролцсон Удирдах зөвлөлийн гишүүдийн
энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.10 Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын шаардлагаар Удирдах
зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Шаардлагыг бичгээр
Удирдах зөвлөлийн даргад тавина.
4.11 Удирдах зөвлөлийн хурлаас тэмдэглэл, тогтоол гаргах бөгөөд гүйцэтгэлд нь
Удирдах зөвлөлөөс хяналт тавина.
4.12 Удирдах зөвлөлийн хурлыг цахимаар хуралдаж, саналыг цахимаар авч болох
бөгөөд цахим хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр нь ердийн горимоор
хуралдсантай нэгэн адил хүчин төгөлдөр байна.
4.13 Удирдах зөвлөлийн дарга дараах бүрэн эрх, үүрэгтэй.
4.13.1 Төвийн бодлого, чиглэлийг тодорхойлох, дүрмийн хүрээнд үйл ажиллагааг
удирдан чиглүүлэх.
4.13.2 Удирдах зөвлөлийн хурал /ээлжит болон ээлжит бус/-ыг товлох, зарлан
хуралдуулах, түүний шийдвэрийн дагуу тогтоол гаргах.
4.13.3 Төвийн менежерийг Удирдах зөвлөлд санал оруулж, батлуулах, чөлөөлөх.
4.13.4 Төвийн менежертэй гэрээ байгуулж ажиллах, гэрээний хэрэгжилтэд хяналт
тавих.
4.13.5 Төвийн менежерийн эзгүйд түр орлон гүйцэтгэгчийг томилох, чөлөөлөх.
4.13.6 Удирдах зөвлөлийн гишүүдэд үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилтыг
хэрэгжүүлэх үүднээс тусгай үүрэг, ажлыг хариуцуулж болно.
4.13.7 Удирдах зөвлөлийн дарга нь Удирдах зөвлөлийн хуралд гишүүдийн санал
тэнцсэн тохиолдолд таслах эрхтэйгээр саналаа өгнө.
4.14 Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн нь дараах бүрэн эрх, үүрэгтэй.
4.14.1 Удирдах зөвлөлийн гишүүн нь товлон зарласан УЗ-ийн хуралд санал,
санаачилгатайгаар оролцож, нэгж саналын эрхтэйгээр оролцоно.
4.14.2 Удирдах зөвлөлийн гишүүний санал нь бие даасан, хараат бус байна.
4.14.3 Төвийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн мэдээлэлтэй саадүйгээр
танилцах эрхтэй.
4.14.4 Удирдах зөвлөлийн даргаас заасан тодорхой чиглэлийг эрхлэн хариуцаж
болно.
4.14.5 Удирдах зөвлөлийн гишүүн нь Төвийн үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх
үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бол зохих урамшуулал авч болно.
4.14.6 Удирдах зөвлөлийн гишүүн нь Удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр УЗийн гишүүний татварыг тухайн жилийн санхүүгийн жил эхлэх үед төлөх
үүрэгтэй.
4.14.7 Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд
заавал оролцох үүрэгтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр Удирдах зөвлөлийн
хурлыг 2 удаа дараалан тасалбал гишүүний ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн
Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх саналыг Удирдах зөвлөлөөс гаргаж,
хурлаар шийдвэрлэнэ.
4.14.8 Удирдах зөвлөлийн гишүүн нь Удирдах зөвлөлийн ээлжит хуралд дараалж 2
удаа цахимаар хуралдсан тохиолдолд 3 дахь хуралд заавал биечлэн оролцох
үүрэгтэй.
4.15 Төвийн менежер нь дараах эрх, үүрэгтэй.
4.15.1 Менежер нь Монгол Улсын болон гадаад улс орнуудын ашгийн бус
байгууллагуудтай харилцаж, яриа хэлэлцээ хийх эрхтэй.
4.15.2 Менежер нь өөрийн менежментийг хэрэгжүүлэх багийн гишүүнийг сонгох,
Удирдах зөвлөлд санал оруулах эрхтэй.
4.15.3 Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах, хяналт тавьж,
хэрэгжилтийг бүрэн хангах.
4.15.4 Төвийн жилийн ажлын төлөвлөгөө, төсөв, хөтөлбөр, арга хэмжээний
төлөвлөгөө боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах,
хэрэгжилтийг хангаж ажиллах.
4.15.5 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
4.15.6 Төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хариуцан, суугаа орны холбогдох
хууль тогтоомжид нийцүүлэн тайлагнах, удирдлага зохион байгуулалтаар
хангах үүрэгтэй.
4.15.7 Хууль тогтоомж болон дүрэм, гэрээнд заасан бусад эрх үүргийг хэрэгжүүлэх.
4.15.8 Төвийн үйл ажиллагааг дотоод журмаар зохицуулна.

Тав. Өмч хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэр

5.1 Төв нь өөрийн дүрэмд заасан зорилго, чиглэлээ хэрэгжүүлэхэд шаардлагатай үл
хөдлөх хөрөнгө, өмч хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэртэй байна.
5.1.1 Төвийн үл хөдлөх хөрөнгийн эцсийн өмчлөгч нь “Монгол Өв Соёлын Төв” байх
бөгөөд аливаа хувь хүн, хуулийн этгээд хувь эзэмшихгүй, захиран зарцуулахгүй.
5.2 Төв үл хөдлөх хөрөнгө худалдан авах, үндсэн чиглэлд тусгагдсан үйл ажиллагаа
явуулах санхүүжилтийг нь дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
5.2.1. Хувь хүн, хуулийн этгээдийн хандив, тусламж;
5.2.2. Гишүүнчлэлийн хураамж;
5.2.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон
орлого;
5.2.4. Удирдах зөвлөлийн гишүүдийн жилийн татвар. Жилийн татварын хэмжээг
Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоох бөгөөд жилд 1 удаа төлнө.
5.2.5. Бусад

Зургаа. Төвийг татан буулгах

6.1 Төвийг дараах нөхцөлд татан буулгана. Үүнд:
6.1.1 Төвийн дүрэмд заасан үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн
тухай Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын шийдвэр гарсан;
6.1.2 Төвийг албадан татан буулгах тухай суугаа орны хууль, шүүхийн байгууллагын
шийдвэр гарсан;
6.2 Төвийг татан буулгах тохиолдолд төвийн эзэмшил дэх үл хөдлөх хөрөнгийг төвтэй
ижил төстэй зорилгоор, АНУ-ын төвийн бүс дэх монгол коммюнитигийн эрх ашгийн
төлөө үйл ажиллагаа явуулах залгамжлагч байгууллагад шилжүүлнэ.
6.3 Бусад өмч хөрөнгийг түүний залгамжлагч байгууллагад үл маргах журмаар
шилжүүлэх, ийм байгууллага байхгүй тохиолдолд суугаа орны хууль тогтоомжид
заасны дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Бусад

Төвийн дүрмийг Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас батлах бөгөөд
баталсан өдрөөс эхлэн хугацаагүй үйлчилнэ.
Төвийн дүрмийг зөвхөн монгол, англи хэл дээр үйлдэх бөгөөд монгол, англи эх
нь агуулгын хувьд зөрчилдвөл уг дүрмийн монгол эх хувийг баримтална.