“Монгол Мэдлэг” сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

“Монгол Мэдлэг” сургуулийн  2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаа Монгол Өв Соёлын Төвийн байранд 9 дүгээр сарын 7-ны өдөр боллоо.

Хичээлийн шинэ жилийн нээлт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр ёслол төгөлдөр эхэлж, Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг үг хэлэв. Консул Т.Батцэцэг хэлсэн үгэндээ, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүддээ монгол хэл, бичиг, өв соёлоо уламжлуулан өвлүүлэх их үйлсэд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж буй Чикаго дахь монгол сургуулиудын нэг Д.Цэнгэлсан захиралтай “Монгол Мэдлэг” сургуулийн багш нарт болон үр хүүхдүүддээ монгол хэл, соёлоо заан сургахын чухлыг ойлгож, тус сургуульд хүүхдүүдээ сургадаг, дэмжин ажилладаг эцэг эхчүүдэд талархал илэрхийлж, сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн дэмжлэг авах боломжийг эрэлхийлэхэд хамтран ажиллахыг санал болголоо. АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монголчуудын хамтын хүч, хөрөнгөөр  байгуулагдсан Монгол Өв Соёлын Төвийн байранд  “Монгол Мэдлэг” сургууль үйл ажиллагаагаа эхэлсний зэрэгцээ  морин хуур, төгөлдөр хуур, шатар, соробан сампин, уран зургийн дугуйлан клубууд үйл ажиллагаа явуулж эхэлснийг дурдаад, Төвийн байрыг илүү  тохижуулах, байрны төлбөрийг төлж дуусгах, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд цаашид ч дэмжин  хамтран ажиллахыг Чикагогийн монголчууддаа уриалав.

“Монгол Мэдлэг” сургуулийн захирал Д.Цэнгэлсан нээлтийн үгэндээ,  тус сургууль 15 дахь жилийн үйл ажиллагаагаа  монголчуудын өөрсдийн хандивын хөрөнгөөр байгуулагдсан Монгол Өв Соёлын Төвийн байранд явуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Төвийн зүгээс хөнгөлөлттэй үнээр байр ашиглах боломж олгосноор тус сургуулийн сургалтын  агуулга баяжиж буйг тэмдэглэн,  шинэ хичээлийн жилийн хөтөлбөр,  багш нараа танилцуулав. “Монгол Мэдлэг” сургуульд суралцагч авьяаслаг сурагчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс  тоглон танилцуулж, мөнгөн хонх цангинуулснаар хичээлийн шинэ жил эхэллээ.

Scroll to Top