“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ы хүрээнд Чикаго орчмын монголчуудын шагай харвааны Отго харваан тэмцээн худалдагч талтай тохиролцсоны дагуу Төвийн байранд болж өнгөрлөө. Энэхүү Отго харваанд оролцсон шагай харваачдын зүгээс ХАНДИВЫН АЯН-ыг дэмжиж, нийт 2800 ам.долларын хандив өргөлөө.
Хандивын тэмцээний үеэр “Их Хаадын Чулуу” ХХК-ийн захирал О.Ариунболд АНУ-ын зүүн бүсийн шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээний шилжин явах цомыг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг болон Монголын Шагайн харвааны салбар хорооны тэргүүн Ц.Жамъянсүрэн нарт гардуулан өгөв. Уг шилжин явах цомыг жил бүрийн АНУ-ын зүүн бүсийн шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээний аварга багт тодорхой хугацаанд гэрээний дагуу хадгалуулж байх юм.




