СЕНАТОР ЖУЛИ МОРРИСОН МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВД ЗОЧЛОВ

Иллинойс мужийн 29-р тойргоос сонгогдсон Сенатор Жули Моррисон 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол Өв Соёлын Төвд зочлов.

Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүд, менежер нар Сенаторт Төвийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Уулзалтын эхэнд Б.Отгонбаатар багштай “Хуурчийнхан” морин хуурын сургалтын төвийн уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирсэнд зочдод монгол үндэсний урлагийн үзүүлбэрийг сонирхуулав.

Сенатор Ж.Моррисон Консул Т.Батцэцэгтэй уулзах үеэрээ Иллинойс дахь Монгол коммюнитигийн нөхцөл байдлын талаар, түүний дотор Монгол Өв Соёлын Төв байгуулахаар хүч чармайлт гарган ажиллаж байгаа тухай мэдээлэл авснаа дурдаж, Монгол коммюнитигийн энэхүү санаачилгыг дэмжин Монгол Өв Соёлын Төвд зориулж мужийн төсвөөс 250 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдээлэв.

Уулзалтад оролцсон хүмүүс монгол гаралтай иргэд өөрийн гэсэн Төвтэй болохыг олон жил зорьж ирсэн нь биелж, иргэд, сургалтын байгууллагууд болон ашгийн бусад байгууллагуудад олон давуу тал бий болж буйг тэмдэглэн мөн монгол иргэдийн санаачилгыг идэвхтэй дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлж буйд мужийн парламент, засгийн газар болон Сенатор Ж.Моррисонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Scroll to Top